Мэдээ мэдээлэл

НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН БАРИЛГЫН САЛБАРТ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ НАМА ТӨСЛӨӨС БОЛОВСРУУЛСАН “ТӨВЛӨРСӨН СҮЛЖЭЭНД ХОЛБОГДСОН ОРОН СУУЦ, ОЛОН НИЙТ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАРИЛГЫН ХҮЛЭМЖИЙН ХИЙН ТООЛЛОГЫН АРГАЧЛАЛ" БХБЯ-НЫ ШУТТЗ-ИЙН ХУРЛААР ДЭМЖИГДЛЭЭ
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Барилгын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний арга хэмжээ”төслийн нэгдүгээр зорилтын хүрээнд боловсруулсан “Төвлөрсөн сүлжээнд холбогдсон орон сууц, олон нийт, үйлчилгээний барилгын хүлэмжийн хийн тооллогын аргачлал”-ыг Барилга, хот байгуулалтын яамны Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн (ШУТТЗ) 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хурлаар танилцуулж, гишүүдийн саналаар батлуулахаар боллоо. Монгол Улс Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц - Парисын хэлэлцээрт 2016 онд нэгдэн орж, Үндэсний зорилтот хувь нэмэр баримт бичгээ өргөн барьсан. Парисын хэлэлцээрт нэгдэн орсон улс бүр Үндэсний тодорхойлсон хувь нэмэр баримт бичигт тусгагдсан зорилтуудаа хэрэгжүүлж, 2020 оноос тайлагнах үүрэг хүлээсэн байдаг. Зорилтуудыг хэрэгжүүлж эхлэхийн тулд юуны түрүүнд барилгын салбарын эрчим хүчний хэрэглээ, ХХЯ-ын өнөөгийн суурь түвшинг тодорхойлох, ХХЯ-ыг тоолох, тооцох аргачлалыг тогтоон жигдрүүлэх, хэрэгжсэн төслүүдийн ХХЯ-ын бууралтыг хэмжиж тайлагнах нотлох тогтолцоог бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай. Энэхүү тогтолцоог бүрдүүлэхэд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс НАМА төслийг барилгын салбарт хэрэгжүүлж, уг төслийн нэгдүгээр зорилт болох барилгын салбараас ялгарч буй хүлэмжийн хий болон эрчим хүчний хэмжээг тогтоох ажлын хүрээнд, барилгын салбарын хүлэмжийн хийн тооллогын аргачлалыг Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын хорооны удирдамж, Цэвэр хөгжлийн механизмийн аргачлалд нийцүүлэн, үндэсний болоод барилгын салбарын онцлогт тохируулан боловсруулсан. Энэ аргачлал бий болсноор эрчим хүчний төвлөрсөн сүлжээнд холбогдсон орон сууц, олон нийтийн барилга байгууламжийн цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээнээс үүдэн ялгарч буй хүлэмжийн хийг тоолох, суурь түвшинг тогтоох үндэс бүрдэх чухал ач холбогдолтой юм. Аргачлалын техникийн даалгаврын төслийг Барилгын хөгжлийн төвийн дэргэдэх Инженерийн байгууламж, шугам сүлжээний инженерийн мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 5-р сарын 10-ны өдрийн хурлаар хэлэлцүүлж, дэмжүүлсэн. Мэргэжлийн зөвлөлийн зөвлөмжийн дагуу холбогдох талуудаас санал шүүмж авч, засч сайжруулан, 2019 оны 6-р сарын 4-ний өдрийн БХБЯ-ны ШУТТЗ-ийн хурлаас гарсан санал шүүмжийн дагуу дахин сайжруулсны үндсэн дээр 2019 оны 7-р сарын 5-ны өдрийн ШУТТЗ-ийн хурлаар гишүүдын саналаар дэмжиж, Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар батлуулахаар боллоо. НАМА төслийг барилгын салбарт хэрэгжүүлснээр Монгол улс Парисын хэлэлцээрт хүлээсэн үүргээ биелүүлэхэд олон улсын сан, донор байгууллагуудын санхүү, техникийн тусламж авч, зорилтууддаа хүрэх үндэс, боломж бүрдэх чухал ач холбогдолтой бөгөөд олон улсаас санхүү техникийн дэмжлэг авахад хамгийн үндсэн шалгуур нь хүлэмжийн хийн ялгарлын суурь түвшин, тооцооллын мэдээллийн сан байдаг тул энэхүү аргачал барилгын салбарт анх удаа батлагдаж байгаа нь олон талын чухал үүрэгтэй юм.
2022-03-16
ҮТХН-ИЙН БАРИЛГЫН САЛБАРЫН ОРУУЛАХ ХУВЬ НЭМРИЙГ ТОДОРХОЙЛОХ САЛБАРЫН АНХНЫ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО
Монгол Улсын Засгийн Газар 2016 онд Парисын Хэлэлцээрийг соёрхон баталж, түүнээс хойш Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН) баримт бичгээ шинэчлэн боловсруулж, 2020 оноос уг баримт бичгийн хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг хүлээсэн байдаг. Энэ хүрээнд Парисын хэлэлцээрт оруулах ҮТХН-ийн барилгын салбарын оруулах хувь нэмрийг тодорхойлох салбарын анхны зөвлөлдөх уулзалтыг БОАЖЯ-аас санаачлан, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг дэмжиж тавдугаар сарын 9-ний өдөр холбогдох байгууллагуудын төлөөлөл уулзан, санал солилцлоо. Уг хэлэлцүүлэг нь барилгын салбарын чиглэлээр анх удаа зохион байгуулагдаж, уулзалтад БХБЯ, БОАЖЯ, Эрчим хүчний зохицуулах хороо, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Байгаль орчин уур амьсгалын сан, Нийслэлийн захирагчийн ажлын алба, Монголын барилгачдын холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн НАМА төсөл, Шинэ цаг уурын хүрээлэн зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцов. Уулзалтын үеэр оролцогч талууд хүлэмжийн хийг тооцох аргачлалыг тогтоон жигдрүүлэх, төвлөрсөн байдлаар хэмжих, санхүүгийн механизм тогтолцоог боловсруулах, хэрэгжүүлж байгаа төслүүдийн үр дүнг бодитой арга хэмжээ болгох зэрэг сэдвээр ярилцсан юм. Нөгөөтэйгүүр хүлэмжийн хий болон түүний хэмжилтийн талаарх суурь ойлголт муу, төрөөс барилгын эрчим хүчний асуудал хариуцсан субъект байдаггүй, эрчим хүчний хэмнэлтэд дулаан хангамжаас гадна хүйтэн хангамж тооцогдохгүй байгаагаас гадна ҮТХН-ийг боловсруулах асуудал төрийн зүгээс эзгүйдэж, сайн дурын ажил болоод байгаад санаа зовниж буйгаа илэрхийллээ. Хэлэлцүүлгийн үр дүнд талууд ҮТХН-д барилгын салбарын оруулах хувь нэмрийг тодорхойлоход баг болж, хамтран ажиллахаар нэгдсэн ойлголцолд хүрч, ирэх зургаадугаар сарын 7-нд үндсэн ажлын хэсгийн уулзалтаар бодитой зөвлөмжүүд дээр тулж ярилцахаар дараагийн арга хэмжээг товлолоо.
2022-03-15
БАРИЛГЫН САЛБАРТ ХҮЛЭМЖИЙН ХИЙН ТООЛЛОГО ЯВУУЛАХ АЖИЛТНУУДЫГ ЧАДАВХИЖУУЛАВ
Монгол улс уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах ажлын хүрээнд анх удаа салбарын хэмжээнд хүлэмжийн хийн ялгарлыг тоолох ажлыг барилгын салбарт эхлүүлсэн билээ. Барилга, хот байгуулалтын яам болон НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран 2017 оны 4 дүгээр сараас эхлүүлэн “Барилгын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний арга хэмжээ” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд барилгын салбарт хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх замаар эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг нэмэгдүүлэх нөхцөлийг бий болгоход түлхэц үзүүлэх зорилготой. Энэхүү зорилгын хүрээнд: 1) Барилгын салбарын эрчим хүчний хэрэглээ, ХХЯ-ын тооцоо судалгааг бий болгох, 2) Барилгын салбарт ХХЯ-ыг бууруулах үйл ажиллагааг бий болгох, хэрэгжүүлэх, 3) ХХЯ-ыг бууруулах үйл ажиллагааны үр дүнг хэмжих, тайлагнах, нотлох (MRV) механизмыг бий болгох зорилтуудыг хэрэгжүүлнэ. “Барилгын салбараас ялгарч буй хүлэмжийн хий болон эрчим хүчний хэрэглээг тогтоох” зорилтын хүрээнд барилгын салбарт хүлэмжийн хийн тооллого явуулах хэрэгцээ шаардлага, тооллого явуулах аргачлал, тооллогын системийн бүтэц, үйл ажиллагааны зохицуулалт талаар мэдлэг олгох сургалтыг оролцогч талуудад явуулав. Сургалтад барилгын салбарыг дулаан, цахилгааны эрчим хүчээр хангагч байгууллагууд болох Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Улаанбаатар дулааны шугам сүлжээ болон Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, мөн Уур амьсгалын өөрчлөлтийн нэгж, Барилгын хөгжлийн төв зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцов.
2022-03-15
БАРИЛГЫН ДУЛААН ХАМГААЛАЛТЫН НОРМ БНБД 23-02-09 ШИНЭЧЛЭГДЭНЭ
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр - Даян дэлхийн байгаль орчны сангаас хэрэгжүүлсэн Барилгын эрчим хүч хэмнэлтийн төслийн (BEEP) хүрээнд барилгын эрчим хүч хэмнэлтийн хэм хэмжээ, норм, стандартын тогтолцоог шинэчилж, Монгол Улсын нөхцөлд тааруулан, хэрэглэхэд тохиромжтой БНбД 23-02-09 Барилгын дулаан хамгаалалт нормыг 2009 онд боловсруулан батлуулсан. Үүний үр дүнд, барилгын эрчим хүч хэмнэлтийн хэм хэмжээ, норм, стандарт, эрчим хүчний хэмнэлтийн шинэ тогтолцоог дагаж мөрдсөн шинэ барилгуудын тоо нэмэгдэж, шинэ барилгуудын эрчим хүч ашиглалтын түвшин сайжирсан мэдээ байдаг. Гэвч барилгын эрчим хүч хэмнэлтийн хэм хэмжээ, норм, стандартыг ягштал хэрэгжүүлэх, мөрдүүлэх, хянан шинжлэхэд хангалттай хөрөнгө нөөц, цаг хугацаа, хүч чармайлт шаардлагатайг төсөл хэрэгжүүлэх явцад тодорхойлсон тул үүнийг цааш нь илүү боловсронгуй болгох чиглэлээр олон ажил хийгдэх шаардлагатай байна. Ялангуяа бодлого боловсруулах явцад барилгын эрчим хүч хэмнэлтийн хэм хэмжээ, норм, стандартын мөрдөлтөд хэрхэн хяналт тавих талаар хангалттай тусгаагүйгээс улбаалан хэрэгжилтийг оновчтой үнэлэхэд бэрхшээлтэй байна. Тиймээс “Барилгын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний арга хэмжээ”төслийн зүгээс 2017 оны 12 дугаар сард барилгын зураг төсөл зохиогч, барилгыг байнгын ашиглалтад хүлээн авах комисс, бодлого боловсруулагч гэсэн гурван түвшинд цуврал уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулав. Цуврал уулзалтын хүрээнд барилгын дулаан хамгаалалтын нормын хэрэгжилтийг хангахад зураг төслийн шатанд, захиалагчийн болон мэргэжлийн хяналтын шатанд тулгардаг хүндрэл бэрхшээл, нормын хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх бодлогын урамшуулал зэрэг асуудлуудыг хэлэлцэв. Хэлэлцүүлгээс гарсан зөвлөмж, дүгнэлтийг үндэслэн Төсөл хэрэгжүүлэх нэгж БНбД 23-02-09 барилгын дулаан хамгаалалт нормыг шинэчлэх саналыг Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлэв. БХБЯ-ны Барилга байгууламжийн норм, нормативын сангийн үйл ажиллагааны 2018 оны төлөвлөгөөнд тусган “Барилгын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний арга хэмжээ” төслийн санхүүжилттэйгээр шинэчлэхээр батлав.
2022-03-15
БАРИЛГЫН САЛБАР ДАХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ ТЕХНОЛОГИЙН ӨРТӨГ, ҮР НӨЛӨӨГ ТООЦООЛОХ АРГАЧЛАЛ ТАНИЛЦУУЛАВ
“Барилгын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний арга хэмжээ” төслийн зүгээс эрчим хүчний хэмнэлттэй технологийн өртөг, үр нөлөөний тооцооллын аргачлал танилцуулах хэлэлцүүлэг семинарыг 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Блью Скай зочид буудлын Топаз танхимд зохион байгуулав. Семинарт барилга, эрчим хүч, байгаль орчин, банк санхүү, шинжлэх ухаан зэрэг салбаруудын төрийн болон төрийн бус, олон улсын, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөллүүд оролцож санал, шүүмжээ илэрхийлэн зөвлөмж өгөв. Хэлэлцүүлэг семинарт оролцогчдод төслийн хэрэгжилтийн явц, барилгын салбар дах эрчим хүчний хэмнэлттэй технологийн өртөг, үр нөлөөний аргачлалын тухай товч мэдээллийг Төслийн зохицуулагч Б.Баярлхам хүргэв. Үүний дараа Төслийн ахлах зөвлөх Л.Баярмаа аргачлалын хамрах хүрээ, суурь үзүүлэлтүүдийн талаар, Төслийн зөвлөх Д.Баясгалант, Н.Батбаяр нар тооцооллын үр дүн болон эрчим хүчний хэмнэлттэй барилгын санхүүжилтийн талаар танилцуулав. Семинарын хүрээнд барилгын салбарт үндэсний онцлогт нийцсэн ХХЯ-г бууруулах үйл ажиллагаа /NAMA/-г тодорхойлох, дэмжих, хэрэгжүүлэх, ХХЯ-ыг бууруулах үйл ажиллагааны үр дүнг хэмжих, тайлагнах, нотлох /ХТН/ систем, өртөг, үр ашгийн шинжилгээний аргачлалыг ашиглан НАМА 6 технологийн хөрөнгө оруулалтын тооцооллын үр дүн, боломжит санхүүгийн хэрэгслүүд, түүний ангилал, онцлог, санхүүжилт хийгдэх боломжийг судалж боловсруулсан арга замууд, хүртэх үр өгөөжийн талаар оролцогч талуудад танилцуулан тэдний санал, шүүмжийг хэлэлцэв.
2022-03-15
БАРИЛГЫН САЛБАРЫН ХҮЛЭМЖИЙН ХИЙН ТООЛЛОГОД ОРОЛЦОГЧ ТАЛУУД ДАТА, ӨГӨГДЛИЙН ЧАНАРЫГ ХЯНАХ, БАТАЛГААЖУУЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДАВ
Хэмжих, тайлагнах, нотлох системийн Олон улсын зөвлөх Мортен Педерсен, хүлэмжийн хийн тооллогын Олон улсын зөвлөх Амр Осама Абдел-Азиз нар барилгын салбараас ялгарч буй хүлэмжийн хийг тооцоолоход шаардлагатай дата, өгөгдлүүдийн чанарын хяналт, баталгаажуулалтын үйл явцыг тогтоох, үйл ажиллагааг тодорхойлох зорилгоор чадавхи бэхжүүлэх сургалтыг Барилгын хөгжлийн төвийн сургалтын танхимд 2018 оны 6 дугаар сарын 27-29 өдрүүдэд зохион байгуулав. Сургалтын эхний хагаст хүлэмжийн хийн тооллогод ашиглах халаалтын системийн ялгарлын коэффициентийг тодорхойлсон бол дараагийн хагаст оролцогчдыг багт хуваарилан ”Чанарын хяналтын төлөвлөгөө” боловсруулах дасгал ажиллуулан дараах З асуудлын хүрээнд багийн ажил гүйцэтгүүлэв. 1. Чанарын хяналтын төлөвлөгөөнд оруулах бүрэлдэхүүн хэсгүүдийг тодорхойлох 2. Бүрэлдэхүүн хэсгүүдийн зорилгуудыг дурдах 3. Хариуцах байгууллагын үүрэг оролцоог тодорхойлох Тус семинарт төрийн болон төрийн бус байгууллага, төрийн өмчит компаниудын төлөөллүүд оролцон семинарын үеэр зохион байгуулсан хэлэлцүүлэг, багийн ажилд санал бодлоо идэвхтэй илэрхийлэв.
2022-03-15