Монгол улс уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах ажлын хүрээнд анх удаа салбарын хэмжээнд хүлэмжийн хийн ялгарлыг тоолох ажлыг барилгын салбарт эхлүүлсэн билээ. Барилга, хот байгуулалтын яам болон НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран 2017 оны 4 дүгээр сараас эхлүүлэн “Барилгын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний арга хэмжээ” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд барилгын салбарт хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх замаар эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг нэмэгдүүлэх нөхцөлийг бий болгоход түлхэц үзүүлэх зорилготой. Энэхүү зорилгын хүрээнд: 1) Барилгын салбарын эрчим хүчний хэрэглээ, ХХЯ-ын тооцоо судалгааг бий болгох, 2) Барилгын салбарт ХХЯ-ыг бууруулах үйл ажиллагааг бий болгох, хэрэгжүүлэх, 3) ХХЯ-ыг бууруулах үйл ажиллагааны үр дүнг хэмжих, тайлагнах, нотлох (MRV) механизмыг бий болгох зорилтуудыг хэрэгжүүлнэ. “Барилгын салбараас ялгарч буй хүлэмжийн хий болон эрчим хүчний хэрэглээг тогтоох” зорилтын хүрээнд барилгын салбарт хүлэмжийн хийн тооллого явуулах хэрэгцээ шаардлага, тооллого явуулах аргачлал, тооллогын системийн бүтэц, үйл ажиллагааны зохицуулалт талаар мэдлэг олгох сургалтыг оролцогч талуудад явуулав. Сургалтад барилгын салбарыг дулаан, цахилгааны эрчим хүчээр хангагч байгууллагууд болох Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Улаанбаатар дулааны шугам сүлжээ болон Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, мөн Уур амьсгалын өөрчлөлтийн нэгж, Барилгын хөгжлийн төв зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцов.