НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр - Даян дэлхийн байгаль орчны сангаас хэрэгжүүлсэн Барилгын эрчим хүч хэмнэлтийн төслийн (BEEP) хүрээнд барилгын эрчим хүч хэмнэлтийн хэм хэмжээ, норм, стандартын тогтолцоог шинэчилж, Монгол Улсын нөхцөлд тааруулан, хэрэглэхэд тохиромжтой БНбД 23-02-09 Барилгын дулаан хамгаалалт нормыг 2009 онд боловсруулан батлуулсан. Үүний үр дүнд, барилгын эрчим хүч хэмнэлтийн хэм хэмжээ, норм, стандарт, эрчим хүчний хэмнэлтийн шинэ тогтолцоог дагаж мөрдсөн шинэ барилгуудын тоо нэмэгдэж, шинэ барилгуудын эрчим хүч ашиглалтын түвшин сайжирсан мэдээ байдаг. Гэвч барилгын эрчим хүч хэмнэлтийн хэм хэмжээ, норм, стандартыг ягштал хэрэгжүүлэх, мөрдүүлэх, хянан шинжлэхэд хангалттай хөрөнгө нөөц, цаг хугацаа, хүч чармайлт шаардлагатайг төсөл хэрэгжүүлэх явцад тодорхойлсон тул үүнийг цааш нь илүү боловсронгуй болгох чиглэлээр олон ажил хийгдэх шаардлагатай байна. Ялангуяа бодлого боловсруулах явцад барилгын эрчим хүч хэмнэлтийн хэм хэмжээ, норм, стандартын мөрдөлтөд хэрхэн хяналт тавих талаар хангалттай тусгаагүйгээс улбаалан хэрэгжилтийг оновчтой үнэлэхэд бэрхшээлтэй байна. Тиймээс “Барилгын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний арга хэмжээ”төслийн зүгээс 2017 оны 12 дугаар сард барилгын зураг төсөл зохиогч, барилгыг байнгын ашиглалтад хүлээн авах комисс, бодлого боловсруулагч гэсэн гурван түвшинд цуврал уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулав. Цуврал уулзалтын хүрээнд барилгын дулаан хамгаалалтын нормын хэрэгжилтийг хангахад зураг төслийн шатанд, захиалагчийн болон мэргэжлийн хяналтын шатанд тулгардаг хүндрэл бэрхшээл, нормын хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх бодлогын урамшуулал зэрэг асуудлуудыг хэлэлцэв. Хэлэлцүүлгээс гарсан зөвлөмж, дүгнэлтийг үндэслэн Төсөл хэрэгжүүлэх нэгж БНбД 23-02-09 барилгын дулаан хамгаалалт нормыг шинэчлэх саналыг Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлэв. БХБЯ-ны Барилга байгууламжийн норм, нормативын сангийн үйл ажиллагааны 2018 оны төлөвлөгөөнд тусган “Барилгын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний арга хэмжээ” төслийн санхүүжилттэйгээр шинэчлэхээр батлав.