“Барилгын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний арга хэмжээ” төслийн зүгээс эрчим хүчний хэмнэлттэй технологийн өртөг, үр нөлөөний тооцооллын аргачлал танилцуулах хэлэлцүүлэг семинарыг 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Блью Скай зочид буудлын Топаз танхимд зохион байгуулав. Семинарт барилга, эрчим хүч, байгаль орчин, банк санхүү, шинжлэх ухаан зэрэг салбаруудын төрийн болон төрийн бус, олон улсын, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөллүүд оролцож санал, шүүмжээ илэрхийлэн зөвлөмж өгөв. Хэлэлцүүлэг семинарт оролцогчдод төслийн хэрэгжилтийн явц, барилгын салбар дах эрчим хүчний хэмнэлттэй технологийн өртөг, үр нөлөөний аргачлалын тухай товч мэдээллийг Төслийн зохицуулагч Б.Баярлхам хүргэв. Үүний дараа Төслийн ахлах зөвлөх Л.Баярмаа аргачлалын хамрах хүрээ, суурь үзүүлэлтүүдийн талаар, Төслийн зөвлөх Д.Баясгалант, Н.Батбаяр нар тооцооллын үр дүн болон эрчим хүчний хэмнэлттэй барилгын санхүүжилтийн талаар танилцуулав. Семинарын хүрээнд барилгын салбарт үндэсний онцлогт нийцсэн ХХЯ-г бууруулах үйл ажиллагаа /NAMA/-г тодорхойлох, дэмжих, хэрэгжүүлэх, ХХЯ-ыг бууруулах үйл ажиллагааны үр дүнг хэмжих, тайлагнах, нотлох /ХТН/ систем, өртөг, үр ашгийн шинжилгээний аргачлалыг ашиглан НАМА 6 технологийн хөрөнгө оруулалтын тооцооллын үр дүн, боломжит санхүүгийн хэрэгслүүд, түүний ангилал, онцлог, санхүүжилт хийгдэх боломжийг судалж боловсруулсан арга замууд, хүртэх үр өгөөжийн талаар оролцогч талуудад танилцуулан тэдний санал, шүүмжийг хэлэлцэв.