НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Барилгын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний арга хэмжээ”төслийн нэгдүгээр зорилтын хүрээнд боловсруулсан “Төвлөрсөн сүлжээнд холбогдсон орон сууц, олон нийт, үйлчилгээний барилгын хүлэмжийн хийн тооллогын аргачлал”-ыг Барилга, хот байгуулалтын яамны Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн (ШУТТЗ) 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хурлаар танилцуулж, гишүүдийн саналаар батлуулахаар боллоо. Монгол Улс Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц - Парисын хэлэлцээрт 2016 онд нэгдэн орж, Үндэсний зорилтот хувь нэмэр баримт бичгээ өргөн барьсан. Парисын хэлэлцээрт нэгдэн орсон улс бүр Үндэсний тодорхойлсон хувь нэмэр баримт бичигт тусгагдсан зорилтуудаа хэрэгжүүлж, 2020 оноос тайлагнах үүрэг хүлээсэн байдаг. Зорилтуудыг хэрэгжүүлж эхлэхийн тулд юуны түрүүнд барилгын салбарын эрчим хүчний хэрэглээ, ХХЯ-ын өнөөгийн суурь түвшинг тодорхойлох, ХХЯ-ыг тоолох, тооцох аргачлалыг тогтоон жигдрүүлэх, хэрэгжсэн төслүүдийн ХХЯ-ын бууралтыг хэмжиж тайлагнах нотлох тогтолцоог бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай. Энэхүү тогтолцоог бүрдүүлэхэд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс НАМА төслийг барилгын салбарт хэрэгжүүлж, уг төслийн нэгдүгээр зорилт болох барилгын салбараас ялгарч буй хүлэмжийн хий болон эрчим хүчний хэмжээг тогтоох ажлын хүрээнд, барилгын салбарын хүлэмжийн хийн тооллогын аргачлалыг Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын хорооны удирдамж, Цэвэр хөгжлийн механизмийн аргачлалд нийцүүлэн, үндэсний болоод барилгын салбарын онцлогт тохируулан боловсруулсан. Энэ аргачлал бий болсноор эрчим хүчний төвлөрсөн сүлжээнд холбогдсон орон сууц, олон нийтийн барилга байгууламжийн цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээнээс үүдэн ялгарч буй хүлэмжийн хийг тоолох, суурь түвшинг тогтоох үндэс бүрдэх чухал ач холбогдолтой юм. Аргачлалын техникийн даалгаврын төслийг Барилгын хөгжлийн төвийн дэргэдэх Инженерийн байгууламж, шугам сүлжээний инженерийн мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 5-р сарын 10-ны өдрийн хурлаар хэлэлцүүлж, дэмжүүлсэн. Мэргэжлийн зөвлөлийн зөвлөмжийн дагуу холбогдох талуудаас санал шүүмж авч, засч сайжруулан, 2019 оны 6-р сарын 4-ний өдрийн БХБЯ-ны ШУТТЗ-ийн хурлаас гарсан санал шүүмжийн дагуу дахин сайжруулсны үндсэн дээр 2019 оны 7-р сарын 5-ны өдрийн ШУТТЗ-ийн хурлаар гишүүдын саналаар дэмжиж, Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар батлуулахаар боллоо. НАМА төслийг барилгын салбарт хэрэгжүүлснээр Монгол улс Парисын хэлэлцээрт хүлээсэн үүргээ биелүүлэхэд олон улсын сан, донор байгууллагуудын санхүү, техникийн тусламж авч, зорилтууддаа хүрэх үндэс, боломж бүрдэх чухал ач холбогдолтой бөгөөд олон улсаас санхүү техникийн дэмжлэг авахад хамгийн үндсэн шалгуур нь хүлэмжийн хийн ялгарлын суурь түвшин, тооцооллын мэдээллийн сан байдаг тул энэхүү аргачал барилгын салбарт анх удаа батлагдаж байгаа нь олон талын чухал үүрэгтэй юм.